2012-04-21 - Англи хэл сурцгаая
Хэлтэй бол хөлтэй Англи хэл сурах хүсэлтэй хүн зөндөө байдаг. Бараг бүх хүн. Гэхдээ цөөхөн хүн л сайн сурдаг. Сурна гэдэг бодож, хүсэхийг хэлдэггүй, хийж хичээхийг хэлдэг. Гэтэл бид өөрсдөө хичээдэггүй, хийдэггүй. Зүгээр л сайхан "Сурах юмсаан" гээд явж байтал сурчих юм шиг боддог. Тэгээд юу ч хийгээгүй байж "Яанаа би англи хэл ёстой сурахгүй нь ээ, яах уу?" гээ л явж байдийн зүгээр. - "Өдөр бүр бага багаар хичээллэ" гэж хүнд зөвлөвөл тэр хүний бүр залхуу нь хүрээд, - "Юу? Яаж өдөр бүр хийдийн, тийм зав гарахгүй" гээд бүр шантарчихдаг. Зав зай гарах нөхцөл боломж бүрдтэл сурахгүй л яваад байдаг. Тэгээд нэг жил өнгөрсөн байг. Гэтэл өдөрт 30-хан минутыг англи хэлийг сонирхож, үзэж, сонсож ч юм уу өнгөрүүлсэн хүн нэг жилийн дараа мэдэгдэхүйц ахиц гарсан байна гээд бод доо. Заавал "Би өдөрт 5 шинэ үг цээжлэх ёстой. Нэг текст орчуулах ёстой" гэж өөртөө хэцүү даалгавар битгий тавь. Хамгийн гол тавих зорилго бол: "Өчигдөр мэддэг байснаасаа илүүг өнөөдөр мэдэж авч байх" явдал юм. Өнөөдөр юу ч сураагүй, тэгээд маргааш гэдэг өдрийг хүлээж байгаа бол та хөгжихгүй, хөдлөхгүй, зогсонги байдалтай байнаа гэж өөрийгөө бодоорой. Хэрвээ та өчигдөр нэг шинэ зүйл сурчихаад өнөөдөр дахиад нэг өөрийг сурвал өөрийгөө урамшуулж бай. Хүн урмаар амьдардаг амьтан шүү дээ. "Би ч овоо сурч байна шүү. Их хэрэгтэй юм сурлаа шүү. Дараа нь энийг тийм үед хэрэглэнэ. Тэр үед энийгээ ашиглавал дээр юм байна. За, мэддэг зүйл ч нэмэгдэж байна даа" ч гэдэг юм уу сайхан, үр бүтээлтэй талаас нь бодож байгаарай. Англи хэлийг сэтгэлгүйгээр махчилж сурна гэж байхгүй. Сэтгэл зүйгээ зөв удирдаж чиглүүлж сурах хэрэгтэй. Ингээд ирэхээр хүн чинь аяндаа л дуртай болдог юм байгаа биз дээ.